2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 29
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 25


The Wall Street Journal
Японы Nikkei индекс буурсан бол Өмнөд Солонгосын Kospi өслөө
Мягмар гаригт Азийн хөрөнгийн зах зээлүүд болон газрын тосны үнэ тогтворгүй буюу хөдөлгөөнтэй байлаа. Хөрөнгө оруулагчид Ойрхи Дорнодод өрнөж буй үйл явдлууд болон тэдгээрийн үр дагаврыг анхааралтай ажиглан шинжилж байна.
Даваа гаригт АНУ-ын зэвсэгт хүчин Ираны өмнөд хэсэгт байрлах хэд хэдэн байгууламжид цохилт өгсөн бөгөөд Америкийн цэргийн албан тушаалтнууд үүнийг "хамгаалалтын шинжтэй хариу цохилт" хэмээн тайлбарлалаа. Уг цэргийн ажиллагаа нь хоёр орны хооронд мөргөлдөөнийг зогсоох зорилгоор үргэлжилж буй хэлэлцээний үеэр тохиосон байна.
АНУ-ын өндөр албан тушаалтны мэдээлснээр, Америкийн тал тэнгист мина байршуулж байсан Ираны Исламын хувьсгалт гвардийн хоёр усан онгоцыг живүүлжээ. Үүний хариуд Ираны талаас АНУ-ын цэргийн нисэх онгоцууд руу "газар-агаар" ангиллын пуужин харваж эхэлсэн тул АНУ хариу арга хэмжээ авч, Бандар-Аббас хотын орчимд байрлах пуужин хөөргөх талбайд цохилт өгсөн байна.
Улмаар АНУ болон Ираны мөргөлдөөнийг эцэслэх хэлэлцээрийн явц Даваа гаригт саарав. Учир нь, талууд Ираны цөмийн хөтөлбөр болон Тегеранд санхүүгийн тусламж, хөнгөлөлт үзүүлэх асуудлууд дээр өөрсдийн байр сууриа хатуу хадгалж, зөвшилцөлд хүрч чадахгүй хэвээр байна.
Үүний улмаас Ази-Номхон далайн бүс нутгийн хөрөнгийн зах зээлүүд харилцан адилгүй хөдөлгөөнтэй байлаа. Японы "Nikkei Stock Average" индекс 0.3%-иар, Хятадын "Shanghai Composite" индекс 0.9%-иар тус буурсан бол Тайландын "SET" индекс 0.4%-ийн өсөлт үзүүлжээ.
"CIMB" группын Төрийн сан болон зах зээлийн судалгааны шинжээчид тайландаа дурдсанаар, дэлхийн газрын тосны тавны нэг орчим хувийг тээвэрлэдэг стратегийн чухал усан зам болох Хормузын хоолойн орчимд хурцадмал байдал хэвээр байна. АНУ-ын зүгээс хамгаалалтын шалтгаанаар Ираны өмнөд хэсэгт хийсэн шинэ цохилтууд нь хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэж байна гэж шинжээчид нэмж тэмдэглэв.
"Swissquote" банкны ахлах шинжээч Ипек Озкардеская цахим шуудангаар өгсөн дүгнэлтдээ "Бид нэг газраа дахин эргэлдсээр байна. АНУ-ын албан тушаалтнууд зах зээл болон мэдээллийн урсгалыг яг л муур хулганаар тоглож буй мэт удирдаж байгаа нь хөрөнгө оруулагчдад маш их бухимдал төрүүлж байна. Үүний эсрэг хөрөнгө оруулагчдын хийж чадах зүйл үнэндээ маш бага байна" гэжээ.
Энэ хугацаанд Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээл Азийн орнуудаас хамгийн өндөр өсөлттэй байлаа. Тус улсын "Kospi" индекс 2.8%-иар өссөн бөгөөд үүнд хиймэл оюунтай (AI) холбоотой технологийн компаниудын хувьцааны огцом өсөлт голлон нөлөөлөв. Тухайлбал, хиймэл оюуны чипний аварга "Nvidia" компанид зурвасын өргөнтэй санах ой (HBM) нийлүүлдэг "SK Hynix" компанийн хувьцаа 7.0%-иар өсчээ.
Түүхий газрын тосны фьючерс үнэ мөн адил холимог үзүүлэлттэй байв. "WTI" (West Texas Intermediate) маркийн ирэх сарын фьючерс үнэ 4.9%-иар буурч, баррель нь 91.85 ам.доллар болсон бол "Brent" маркийн газрын тосны фьючерс үнэ 2.2%-иар өсөж, баррель нь 98.27 ам.долларт хүрснийг "ICE" биржийн мэдээлэл харууллаа.
Үнэт металлын хувьд уналт ажиглагдаж, спот алтны үнэ 0.8%-иар буурч, унц нь 4,530.70 ам.доллар, спот мөнгөний үнэ 1.9%-иар хямдарч, унц нь 76.56 ам.долларт хүрэв.
Гадаад валютын зах зээл дээр АНУ болон Их Британид бүх нийтийн баярын өдөр тохиосон тул арилжааны идэвх сул байж, Азийн валютуудын ханш тогтворжих хандлагатай байлаа.
"OCBC Group Research"-ийн хоёр стратегич тэмдэглэлдээ АНУ-Ираны хэлэлцээр бүтэлгүйтэх эрсдэл өндөр хэвээр байгааг анхааруулав. Түүнчлэн тэд "Ам.долларын ханшийн уналт хязгаарлагдмал байна гэж бид үзэж байна. АНУ эдийн засаг нь хиймэл оюуны хөрөнгө оруулалтаар дэмжигдсэн харьцангуй өндөр өсөлттэй хэвээр байна" гэж нэмж дурджээ.
Ам.долларын ханш Өмнөд Солонгосын воны эсрэг 0.4%-иар буурч 1,505.83 вон болсон бол Сингапур долларын эсрэг 0.1%-иар өсөж 1.2775 сингапур доллар болжээ. Харин Австрали долларын ханш 0.2%-иар суларч 0.7159 ам.доллартай тэнцсэн байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 29
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 25