НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Айлчлал: Royal blue стратеги буюу итгэлцэл, шинэчлэл, ирээдүй!
АНАЛИЗ

Айлчлал: Royal blue стратеги буюу итгэлцэл, шинэчлэл, ирээдүй!

2026 оны 10-р сарын 1
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

Эртний уламжлалт загварыг орчин үеийн цэргийн хэв маягтай гайхалтай хослуулсан, цав цагаан өнгө бүхий дүрэмт хувцас өмссөн Японы хүндэт харуулууд эгнэн жагсжээ. Танхимын төвд Япон-Монголын туг далбааг залсан харагдав. Хүндэт харуулын ёслол нь айлчлалын дипломат ач холбогдлыг илэрхийлэх протоколын нэгээхэн хэсэг агаад Япон улс өндөр түвшний гадаад зочдодоо үзүүлдэг хүндэтгэл юм байна.

Японы Ерөнхий сайдын ажлын ордон Токио хотын Нагатачод байрладаг аж. Кантей ордонг боржин чулуу, шилэн пасадаар барьсан нь товчхондоо ил тод, нээлттэй төрийн бодлогыг бэлгэдсэн бололтой.

Танхимын уур амьсгал нам гүм болж, дөрвөн бие хамгаалагчаар хамгаалуулсаар хатагтай Санаэ Такаичи хоёр давхраас аажуухан бууж ирэв. Тэрбээр өөрийн нэрийн хуудас болсон хөх өнгийн хослол, хар туфлиэр гоёжээ.

Санаэ Такаичийн улс төрийн гол дүр төрхөд цэнхэр өнгийн хослол онцгой байр суурь эзэлдэг. Энэ өнгө түүнийг өөртөө итгэлтэй, ажил хэрэгч, хатуу чанга, зоримог улстөрч гэж харагдуулахуйц имиж болдог аж.

Геополитикийн дипломат өрөг дээр улстөрчдийн биеийн хэлэмжээс гадна хувцаслалт нь бие даасан визуал хэл байдаг. Жишээ нь, манай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн визуал хэл нь монгол дээл юм. Харин хатагтай Санаэ Такаичийн визуал хэл нь “Sanae Blue”.

Тайрмал үстэй, туранхай, шавилхан биетэй, нэгэн жарныг элээсэн хэдий ч цоглог, эрч хүчтэй харагдах Такаичи дэлхийн тансаг хэрэглээг төдийлөн сонирхдоггүй, “made in Japan”-ийн үнэнч хэрэглэгч аж. Японы парламентын гишүүнээр 8 удаа сонгогдож байсан, мөн сайдын албыг 3 удаа хашиж иржээ. Мотоцикл унах дуртай бас метал рок хөгжмийн шүтэн бишрэгч гэх CV-тэй.

Өдгөө Ерөнхий сайд Санаэ Такаичи 65 настай, Ерөнхий сайд Н.Учрал 39 настай. Тэд хоёул урлаг соёлд дуртай. Санаэ Такаичи бөмбөр тоглодог байсан бол Н.Учрал хип хоп дуулдаг байсан.

Монголчуудын сайн танил Шинзо Абэгийн залгамжлагч Такаичи хатагтай манай Ерөнхий сайдтай тун чиг элгэмсүү уулзсан. Абэ агсан монголчуудын хувьд гүн хүндэтгэлтэй эрхэм. Монгол Улсад онцгойлон элгэмсүү, дотно ханддаг байсан нь хоёр орны соёлын гүн харилцаа болон хувийн зан чанартай нь холбоотой байсан гэдэг. Түүний гадаад бодлогын гол цөм болох "чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далай" концепцод манай орон чухал байр суурийг эзлэж байв.

Шинзо Абэ, Санаэ Такаичи нарын хувьд нэг намын нөхдөөс илүүтэй улс төрийн багш-шавийн барилдлагатай улстөрчид гэж хэлэхэд буруудахгүй.

Японы Ерөнхий сайд хатагтай Санаэ Такаичигийн урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Токио хотноо хийсэн айлчлалын үр дүнг товчхон дүгнэвэл, амжилттай, ач холбогдолтой, түүхэн. Тэр тусмаа Royal blue гэж тодотгож болно. Итгэлцэл ба тогтвортой түншлэл. Эрх мэдэл ба манлайлал гэсэн утгатай.

Гадаад талдаа Н.Учрал гэж хувь улстөрчийн асуудал огтоос сонин биш. Сайн улстөрч, муу улстөрч байх нь зуудугаар асуудал. Дэлхийд ганцхан Монгол Улс гэж бий. Тиймээс олон улсын геополитикийн тавцан дээр Монголын нэр хүндийн асуудал яригддаг. Учир нь, Н.Учрал гэж хувь улстөрч айлчлал хийгээгүй Монголын Засгийн газар айлчлал хийж яваа юм.

Япон, Монголын харилцааг тодорхойлбол зүгээр ч нэг гуравдагч түншүүд биш юм. Токио нь 1990 оноос хойш Монголын ардчиллыг тууштай дэмжиж ирсэн хамгийн том донор орон. Энэ утгаараа Н.Учрал Ерөнхий сайдын хувьд анхны айлчлалаа гуравдагч том хөршөөсөө эхлүүлсэн нь Монголын олон тулгуурт, төвийг сахисан дипломат бодлогын нэг тактик байв. Тэрбээр УИХ-ын дарга байхдаа ОХУ-д албан ёсны айлчлал хийж байсан бол МАН-ын даргын хувиар Бээжинд айлчилсан байдаг.

Монголын залуу Ерөнхий сайдын айлчлалын талаар Японы хэвлэлүүд мэдээлэхдээ бүс нутгийн геополитик, эдийн засгийн хамтын ажиллагааг онцлон бичжээ. Монгол Улс Орос, Хятадаас гадна Япон улстай ойр дотно хамтран ажиллахыг чухалчилж байна гэж Nikkei сонин нийтлэлдээ дурдаж, The Japan Times “Чингис хаан ”олон улсын нисэх онгоцны буудлын өргөтгөлийн төсөл зэрэг дэд бүтэц, эрчим хүчний томоохон хамтын ажиллагааны яриа хэлэлцээг тоймлосон байна.

Kobe Shimbu Японы “Asia Zero Emission Community” санаачилгын хүрээнд Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдлыг хангах, нарны болон сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, газрын тос, түлшний нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх талаар хэлэлцсэнийг дурджээ.

Токиогийн айлчлалын чухал мэдээллийн нэг нь “Чингис хаан” нисэх онгоцны буудлын 2-р өргөтгөлийн зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал байлаа. Зээлийн хэлэлцээрийн хүрээнд Японоос 158 тэрбум иений нэн хөнгөлөлттэй зээлийг авахаар боллоо. Энэ бол Япон улсаас авч байгаа сүүлийн хөнгөлөлттэй зээл. Жилийн хүү нь 1,1%, 40 жилийн хугацаатай. Эхний 10 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө.

Далайд гарцгүй, хоёр том гүрний дунд орших Монгол Улсын хувьд агаарын орон зай маш чухал. Агаарын гарц, орц дээрээ хэнтэй хамтарч ажиллах нь жижиг улсын хувьд мэдээж стратегийн гол бодлого юм.

Үүнээс гадна Монгол иргэдийг Япон улсад зорчиход тодорхой хөнгөлөлт үзүүлэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхэд хамтран ажиллахаар болсон талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дуулгав. Арлын оронд манай улсын 21 мянган иргэн байнга оршин суудаг гэх тоо баримт байна.

Ерөнхий  сайд Н.Учралын айлчлалын хүрээнд яригдсан, тохирсон гэрээ хэлцэл цаг тухайд нь Монголын иргэдэд хүрсэн учраас энэ тухай дахин, дахин нурших нь илүүц. Ямар ч байсан газрын тосны нөөц, сэргээгдэх эрчим хүч, бизнесийн орчин, татварын гэрээ, нийгмийн хамгаалалын салбарт хамтрах, JETRO-ийн Монгол дахь үйл ажиллагааг өргөжүүлэх гэх мэтчилэн яриа хэлэлцээрүүдийг товч дүгнэвэл гуравдагч хөршийн харилцаа зээл, тусламжаас бодит эдийн засаг болон эрчим хүчний хамтын ажиллагаа руу шилжиж байна.

Дэлхийн 56 улсад 76 оффистой, 1980 ажилтантай Японы гадаад худалдааны акул JETRO Монголд төлөөлөгчийн газраа нээж, үйл ажиллагаа явуулахаар болсон нь Монголын эдийн засагт, бизнес эрхлэгчдэд тунчиг таатай мэдээ. Учир нь, Японы хөрөнгө оруулалт Монгол руу чиглэх гүүр болно гэсэн үг. Япончууд Монголд барилга байшин барьж, ЖДҮ эрхлэхгүй нь ойлгомжтой. Тэдний гол сонирхол нь манай улсын газрын ховор элементийн салбар. Дэлхийн газрын ховор элементийн зах зээлийн 70 гаруй хувийг БНХАУ дангаараа хянадаг. Япон нь газрын ховор элементийн хувьд Бээжингээс хараат. Тиймээс Бээжингийн хамаарлаа багасгахын тулд газрын ховор элементийн өөр нийлүүлэгч хайх болсон. Ялангуяа Халзан бүрэгтэйн орд япончуудын сонирхлыг багагүй татах болсон. Шалтгаан нь тус орд Японы технологийн компаниудад хамгийн их хэрэгтэй байгаа диспрозийн нөөц ихтэй аж.

Нөгөөтэйгүүр, Бээжин, Токиогийн харилцаа сүүлийн жилүүдэд "хүйтэн дайны" байдал руу шилжсэн энэ цаг үед Монголын Ерөнхий сайдын Токио дахь айлчлал хоёр хөршийн анхаарлыг багагүй татахад ч хүрсэн биз.

Хатагтай Такаичигийн Тайванийн талаарх байр суурь болон мэдэгдэл Бээжингийн цухлыг төрүүлж, улмаар БНХАУ энэ оны 1-р сараас эхлэн Япон руу гаргах цэргийн болон хоёрдмол зориулалттай өндөр технологи, газрын ховор элементийн экспортод хатуу хязгаарлалт тогтоож, хариу цохилт үзүүлсэн юм.

БНХАУ болон Японы энэхүү сөргөлдөөн дунд Монгол Улс стратегийн маш чухал байр суурьтай хөрш болж хувирсан. Монгол Улсын хувьд Бээжингийн "Нэг Хятад" бодлогыг тууштай баримталдаг.

Ялангуяа энхийг эрхэмлэж, төвийг сахисан гадаад бодлого Монголыг энх тайвны бүс нутаг гэж дэлхийд харагдуулж, гадаадаас ирсэн айлчин, гийчид Монголын их амар амгаланг олзуурхан сурталчлах болсон.

2025 оны Үндэсний баяр наадмын үеэр Монголд 7 хоног айлчилсан Японы Цог жавхлант эзэн хаан Нарүхито болон Эрхэм дээд хатан Масако нар гүн сэтгэгдэлтэйгээр нутаг буцсан юм. Тэдэнд зориулсан Ерөнхийлөгчийн хүндэтгэлийн зоог дээр эрхэм хаан Нарүхито “Хоёр орны харилцаа соёл, боловсрол, эдийн засаг төдийгүй ард түмний сэтгэл зүрхний гүн холбоон дээр улам бүр бэхжиж байгаад баяртай байна” гээд монголчуудад зориулж, манай Морин хуурын чуулгатай хамтран Японы алдарт Хамабэ но үта болон Монгол аялгууг хийл хөгжмөөр эгшиглүүлж байсан нь түүх болон үлдсэн.

Эзэн хааны айлчлалаар бий болгосон диплoмат итгэлцэл ба хүндэтгэл нь дараа, дараагийн Ерөнхий сайд нарын түвшинд эдийн засаг, стратегийн ач холбогдолтой шийдвэрүүдийг хурдан бөгөөд саадгүй гаргах улс төрийн хөрс, таатай орчныг бүрдүүлж өгдөг аж.

Тиймээс Японы Цог жавхлант эзэн хаан Нарүхитогийн Улаанбаатар дахь жилийн өмнөх айлчлал Ерөнхий сайд Н.Учралын Токиод хийсэн албан ёсны айлчлал амжилттай, үр дүнтэй болоход багагүй түлхэц, эерэг нөлөөлөл үзүүлсэн ч биз.

Ерөнхий сайдын айлчлалаас хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс 2047 онд Монголыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн сонгуульд нэр дэвшүүлж буйгаа зарласан юм. Тэгвэл Токио Улаанбаатарын тэрхүү санаачилгыг дэмжихээ илэрхийлсэн нь хоёр орны харилцаа бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад харилцан ойлголцолд хүрсний илрэл гэж хэлж болно.

Үндсэндээ Япон Монголыг автократ хоёр гүрний дунд орших ардчилсан жижиг улс төдийгөөр бус бүс нутагтаа энх тайвны гол тоглогчдын нэг төдийгүй Токиогийн дэвшүүлж буй чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далай гэсэн үзэл баримтлалд чухал байр суурьтай гуравдагч хөрш гэж харж байна. Тиймээс Ерөнхий сайд Н.Учралын айлчлалын үеэр ярьсан нисэх буудал, эрчим хүч, бизнесийн орчин, татвар, технологийн талаарх гэрээ хэлэлцээрүүдийг эдийн засаг, аюулгүй байдлын бодитой хамтын ажиллагаа болгох нь Японы гол сонирхол байв.

2027 онд Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой болно. Энэ ойг угтан хоёр улс эдийн засаг, технологийн түншлэлээ шинэ шатанд гаргаж буйгаа ийнхүү Токио хотын Кантей ордноос албан ёсоор зарлалаа.

Хүндэтгэлийн зоогийн ард хоёр улсын стратегийн түншлэлийг бататгаж, бүс нутгийн болон эдийн засгийн геополитикийн амаргүй нөхцөлд Монгол Улсын бие даасан байдал, ардчилал, эрх чөлөөг бүрэн дэмжихээ илэрхийлж, дараагийн шатны итгэлцэл, шинэчлэл, ирээдүй гэх замын зураглалын төлөө хатагтай Санаэ Такаичи хундага өргөж, монголоор хэлсэн үг нь “Тогтооё”. 

Дипломат ёсонд Ерөнхий сайд өөрөө зоог барьж, хундага өргөх  нь ёс төдий үйлдэл биш, тухайн улсыг бүрэн дүүрэн дэмжиж, стратегийн итгэлтэй түнш гэдгийг олон улсад зарлаж буй хамгийн том сэтгэлийн илэрхийлэл аж.

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Зэс хайлуулах үйлдвэр ба Монголыг аж үйлдвэржүүлэх социалист оролдлого

Зэс хайлуулах үйлдвэр ба Монголыг аж үйлдвэржүүлэх социалист оролдлого

Манай засгийн газар “Эрдэнэт” ТӨҮГ-ынхаа дэргэд бас төрийн өмчит “Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр”-тэй болохоор Хятадын төрийн өмчийн “Эн Эф Си”-тай Барих Ашиглах-Шилжүүлэх концессын гэрээ байгуулжээ. Энэ төслийн өртөг нь 772 сая Ам. Доллар (2,8 ихнаяд ₮).

Oct 16, 2026

Г.Уянга: Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийг харлуулах гэж хэвлэлийг худалдан авсан байж болзошгүй байна

Г.Уянга: Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийг харлуулах гэж хэвлэлийг худалдан авсан байж болзошгүй байна

Н.Учралын засгийг биш улсаа хорлох хямдхан популизм!

Н.Учралын засгийг биш улсаа хорлох хямдхан популизм!

"Breaking bad" цувралын жүжигчин таалал төгсөв

"Breaking bad" цувралын жүжигчин таалал төгсөв