

“Херо энтертаймент”-ийнн ерөнхий захирал Б.Баатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 17.3 дугаар зүйл буюу залилах, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн. Тиймээс түүнд шүүхээс хилийн хориг тавьсан билээ. Тэрбээр үүнийг эсэргүүцэн шүүхэд гомдол гаргасныг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх өчигдөр (2026.10.01) хэлэлцээд хилийн хоригийг нь хэвээр үлдээсэн.
Тэгвэл Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг тагнуулын байгууллагаас мөрдөн шалгаж эхэлсэн талаар өнгөрсөн долоо хоногт хэвлэлээр цацагдсан. Түүнийг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатарын гомдлын дагуу Үндэсний эв нэгдлийг бусниулах, экстремист үйл ажиллагаа явуулах гэх Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 19.8, 19.9-д зааснаар шалгаж эхэлсэн бололтой.
Түүнчлэн Л.Оюун-Эрдэнийн эл хэрэг дээр нэмээд Ерөнхий сайд байхдаа төрсөн ахтайгаа нийлж, албан тушаалаа урвуулан бусдаас авлига авсан, бусдын хөрөнгийг булаасан гэх албан тушаалын хэрэг үүсгэн АТГ-аас шалгаж эхэлсэн гэнэ.
Хэргийг эргэн сануулбал, иргэн П.Хишигбаяр өнгөрсөн хавар өөрийн эзэмшдэг байсан Гэрэгэ тауэрийн 14 давхрын оффисийг экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрлэнэ, түүний төрсөн ах “Херо энтертаймент”-ын Б.Баатар нар дээрэмдэж авсан талаар шүгэл үлээсэн. Тэрбээр “Анх 2021 оны 11 сард “Гэрэгэ” тауэрын 14 давхрыг манай компани худалдаж авч байсан. Улмаар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нарын эзэмшлийн “Херо” энтертайнмент компанид $1 саяар худалдах гэрээ хийсэн. Гэвч, гэрээ хийснээс хойш гурван жилийн хугацаанд нэг төгрөг төлөөгүй. Миний зүгээс төлбөр мөнгөө төлөхийг олон удаа шаардсан. Тухайлбал, Баянгол зочид буудлын нэг давхрын фитнес зааланд Б.Баатартай очиж уулзан, төлбөрөө төлөхийг сануулсан. Гэтэл намайг “ална шүү, аятайхан байгаарай” гэж заналхийлсэн. Үндсэндээ эдгээр хүмүүс эрх мэдлээрээ бусдыг айлгаж ирсэн. 2025 оны нэгдүгээр сард надад хэрэг тохож 19 хоног цагдан хориулж, 14 давхрыг үнэ төлбөргүй шилжүүлж авсан” гэж байв. Түүнийг шүгэл үлээсний дараа Л.Оюун-Эрдэнэ энэ асуудлыг эрс няцааж, өөрөө гүтгүүлсэн мэт тайлбар өгч байсан.
Хариуд нь П.Хишигбаярын эхнэр Б.Нандин-Эрдэнэ "Л.Оюун-Эрдэнэд няцаалт өгье. Одоо хангалттай шүү, худал хуурмаг, гүтгэлэг, хонгил чинь хэрээс хэтэрлээ. Улсын Ерөнхий сайд байсан хүн ял наймаалцдаг тухай ярьж байх юм, гутамшиг. Худал, хулгайгаа нуух гэж нэвтрүүлэг хийлгэсэн, өөрөө ярилцлага өгч байна. Яагаад ингэж их айна вэ. Миний нөхөр таван жил танаас төлбөрөө өгөөч ээ гэж гуйсан. Таны ах шиг бид худлаа яриагүй, хуурамч бичиг бүрдүүлээгүй. Яагаад энгийн бизнес эрхлэгчид ял захиалж хонгилдоно вэ. Та бол АТГ дээр захиалагч юм билээ, биеэрээ мэдэрсэн. Үнэндээ танд үйлчилдэг АТГ-аас айж байна. Одоо яах бол, юу зохиож тохох бол гэхээс айж байна. Гэхдээ аливаад хязгаар байдаг шүү. Та дарга байж болно, бид энгийн иргэд байж болно. Тэглээ гээд дуугүй дарамтлуулахгүй шүү" гэсэн байдаг.
Албаны эх сурвалжийн мэдээгээр Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нарт дарамтлуулсан гэх хохирогчийн тоо нэмэгдэх болсон гэнэ. Монголын нэр бүхий томоохон бизнес эрхлэгчид, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, уул уурхайхан, улстөрч гээд олон хүн ах дүү хоёрт дарамтлуулж, хилс хэрэгт гүтгэгдэж байсан талаараа хуулийнханд гомдол гаргах болсон байна.

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.